Бизнес аялалын зөвлөмж 3: Олон улсын үзэсгэлэн худалдаанд зочлох ямар ач холбогдолтой вэ?

ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ЗОЧЛОХ НЬ ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ?

Юуны өмнө үзэсгэлэн худалдаанд оролцох болон зочлох гэсэн хэллэгүүд нь хоёр өөр утга санааг агуулж буйг энд дурдах нь зүйтэй болов уу. Үзэсгэлэн худалдаанд оролцоно гэдэг нь тухайн байгууллага, компани тус үзэсгэлэн дээр өөрийн бүтээгдэхүүнийг танилцуулж, сурталчилна гэсэн үг бол харин үзэсгэлэнд зочлоно гэдэг нь та тодорхой зорилго өвөртлөн тухайн үзэсгэлэнг зорьж, өөрийн зорилгынхоо хүрээнд уг үзэсгэлэнгийн арга хэмжээтэй танилцах тухай юм.

Олон улсын үзэсгэлэн худалдаа нь оролцогч компаниудын хувьд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулж сурталчлах маркетингийн хамгийн шилдэг, үр дүнтэй арга  хэмээн судлаачид тодорхойлдог. Тэгвэл харин үзэсгэлэн худалдаа нь зочлогчдын хувьд ямар ач холбогдолтой вэ?

Олон улсын үзэсгэлэн худалдаанд зочлох нь танд дараах давуу тал, ач холбогдлыг бий болгодог:

Хамгийн, хамгийн, хамгийн: Олон улсын үзэсгэлэн худалдаа нь юуны өмнө зочдод бизнесийн тухайн салбар дахь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи, хамгийн шилдэг загвар, хамгийн найдвартай бүтээгдэхүүн, хамгийн хамгийн ... бүхэнтэй хангалттай танилцах боломж олгодог. Энэ тухайд өнөөдөр өөр ямар ч арга хэмжээ нь үнэндээ олон улсын үзэсгэлэн худалдаагаас илүү өргөн боломжийг бизнес эрхлэгчдэд олгож чадахгүй л болов уу.   

Өргөн сонголт: Олон улсын үзэсгэлэн худалдаанд ихэвчлэн 50-иас дээш орны олон зуун, мянган үйлдвэрлэгч, компаниуд оролцдог бөгөөд энд дэлхийн зах зээл дээр тэргүүлэгч алдартай брендүүдээс эхлээд  дөнгөж саяхан “төрсөн” шинэхэн компаниуд хүртэл бүгд л байх. Бизнесийн мөчлөгийн янз бүрийн үе шатууд дээр оршиж, өрсөлдөөний талбарт өөр өөрийн стратегийг хөгжүүлэн яваа эдгээр олон компаниуд нь таны хувьд бизнесийн хамгийн зөв шийдэл бүхий сонголтыг хийх, хамгийн найдвартай бизнесийн түншийг олоход тань өргөн их сонголтыг бий болгож чаддаг.

Өөрийн нүдээр үзэх, турших: Өнөөдөр мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжил нь бидэнд бизнесийн ертөнц дэхь орон зайны саад тотгорыг огт үгүй  болгож байна гэхэд хилсдэхгүй. Гэвч дэлгэцийн цаанаас харагдах ямар ч тод дүрс, дэлгэрэнгүй тодорхойлж бичсэн ямар ч тайлбар танилцуулга үнэндээ бидний өөрийн нүдээр үзэж харж, гартаа барьж, туршиж үзэх тэр мэдрэмжийг орлож үл чадна. “Мянга сонсохоор нэг үз” гэсэн монгол ардын маань сургаал үг юутай үнэн. Олон улсын үзэсгэлэн худалдаа нь тэгвэл танд “жинхэнэ”  биетээр нь үзэж харж, танилцах, үнэлж дүгнэх өргөн их боломжийг олгоод зогсохгүй, бас сонирхсон асуултандаа газар дээр нь хангалттай дэлгэрэнгүй хариулт, зөвлөгөө авах боломжийг бүрдүүлж өгдөг давуу талтай.

Бизнесийн шинэ түнш олох: Бизнесийн шинэ гадаад түншүүдтэй хурдан бөгөөд найдвартай хэлхээ холбоо тогтоох хамгийн шалгарсан арга нь олон улсын үзэсгэлэн худалдаанд зочлох гэдэг дээр бизнесийнхэн төдийлөн маргахгүй болов уу. Олон улсын үзэсгэлэнд оролцогч компаниуд ихэвчлэн өөрийн гадаад худалдааны шийдвэр гаргах эрх бүхий менежерүүдийг илгээдэг нь үзэсгэлэнд зочноор оролцогчдын хувьд тэдэнтэй гар барин танилцаж, нүүр тулан уулзаж, ярилцах таатай, ховор боломжийг бий болгодог.

Өрсөлдөгчдийг харьцуулах: Үзэсгэлэн худалдаа нь танд сонирхсон бүтээгдэхүүнүүд болоод сонгон авсан компани, брендүүдийг өөр хооронд нь харьцуулан судлах, өрсөлдөгчдийн талаар аль бүтээгдэхүүн, ямар компани нь чухам ямар давуу болоод сул талтай болох тухайд нэг цэг дээрээс бүгдийнх нь тухай мэдээллийг нэгэн цагт цуглуулан, харьцуулж, өөрийн бодитой үнэлэлт дүгнэлтийг өгөхөд  хамгийн тохиромжтой, цаг, зардал хэмнэсэн чухал талбар болдог.

Мэдээлэл авах: Олон улсын үзэсгэлэн худалдаа нь зөвхөн “нүдийг баясгах” бус бас “чихийг чимэх” увидастай. Үзэсгэлэнгийн үеэр та зөвхөн техник технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах төдийгүй тухайн салбар дахь дэлхийн хэмжээнд үнэлэгдэх сүүлийн үеийн судалгаа шинжилгээний үр дүнгүүд, бизнесийн хөгжлийн чиг хандлагуудтай холбогдсон үнэн зөв, шинэ, сонирхолтой, бодитой мэдээ, мэдээллийг авах хамгийн найдвартай суваг, халуун цэг байж чаддагаараа онцлог ач холбогдолтой. 

Бизнесийн шинэ санаа олох: Олон улсын үзэсгэлэн худалдааны “олон улсын” хэмээх тэр л шинж агуулгатай нь салшгүй холбоотой бас нэгэн чухал ач холбогдол нь түүний нэгэн хэвшмэл хэв загварт баригдаагүй, хүн бүхэнд ижил дасал болоогүй шинэ, шинэ санаануудын эх уурхай болж чаддагт оршино. Тиймээс ч шинэ бизнесийн санаа эрэлхийлэгчид олон улсын үзэсгэлэн худалдааг зорих нь түгээмэл бөгөөд тэд бас ганзага хоосонгүй ирдэг болохыг бизнесийн судалгааны үр дүнгүүд илтгэдэг. Зарим компаниуд бизнесийн шинэ санааны ангуучлалд гарч үзэсгэлэн худалдааг зорьдог бол нөгөө нэг хэсэг нь урьдчилан төлөвлөөгүй, шинэ санаа эрж хайгаагүй атал үнэхээр “заяаны хань зам дээр” гэдэг шиг л өөрийн эрхгүй таныг соронзон мэт татах сонирхолтой бизнесийн санааг тэндээс олоод буцах нь ховор биш ажээ.  

Шинэ улс, хоттой танилцах: Олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцох бизнес аялал нь танд магадгүй урьд өмнө очиж байгаагүй шинэ улс орон, шинэ хотод зочлох үүд хаалгыг нээж болох юм. Энэ тохиолдолд та тэрхүү улс орон, хотын түүх, соёлын өв сангаас танилцан, шинэ газар орны сонин сайхнаас суралцан, хувь хүний мэдлэгийн цар хүрээ, мэдээллийн сан хөмрөгөө бас баяжуулах давхар боломж бүрдэнэ.  

Зардал хэмнэдэг: Гадаадад болох үзэсгэлэнд оролцох нь санхүүгийн болоод цаг хугацааны хувьд багагүй зардал шаарддаг. Гэвч үнэн хэрэгтээ энэхүү зардал нь таны үзэсгэлэнгээс хүртэх үр дүн, амжилттай харьцуулахад төдий л их биш. Хэрэв та үзэсгэлэнд зочлохгүйгээр үзэсгэлэнгээс ирэх үр дүн, амжилттай ижил зорилгод хүрье гэвэл зарцуулах зардал хэд дахин их болох нь гарцаагүй. Ганц жишээ дурдахад хэрэв та зөвхөн нэг гадаадын компанитай холбоо тогтоон, газар дээр нь очиж бараа, бүтээгдэхүүн, техник технологитой нь танилцъя гэхэд л нэг үзэсгэлэнд зочлохоос  дутахгүй хэмжээний зардал зарцуулагдана. Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр үнэгүй хүртэх тэр их мэдээлэл, судалгааг та өөрөө бие даан цуглуулах, хийх гэдэг нь эргээд бас л их хэмжээний цаг, мөнгө шаардсан ажил болно.