Бизнес аялалын зөвлөмж 2: Олон улсын үзэсгэлэн худалдаанд зочин-оролцогчоор хэрхэн  амжилттай  оролцох вэ?

 

Олон улсын үзэсгэлэн худалдаанд амжилттай зочлох, бизнес аялалын үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарах 10 зөвлөмж

1. Шийдвэр гаргах

 Та үзэсгэлэн худалдаанд зочлох шийдвэрээ хэдий эрт гаргана, таны үзэсгэлэнд амжилттай бэлтгэх дараагийн алхмууд төдий чинээ үр дүнтэй байх болно. Олон улсын үзэсгэлэнгийн хуваариуд гол төлөв болох өдрөөсөө 12-24 сарын өмнө тодорхой болж, мэдээллийн хэрэгслүүдээр зарлагдсан байдаг тул та шийдвэрээ цаг алдалгүй эрт гаргах бүрэн боломжтой. Таны сонирхсон бизнесийн салбарт тухайн жилд олон төрлийн үзэсгэлэн дэлхийн янз бүрийн улс, хотуудад зохион байгуулагдаж болно. Тиймээс та эдгээр үзэсгэлэнгүүдээс яг ямар үзэсгэлэнд зочлох нь таны хувьд хамгийн зөв шийдвэр болохыг өөрийн шалгуурууд дээр үндэслэн сонголтоо зөв хийх нь бас чухал. 

2. Зорилгоо тодорхойлох

 Та олон улсын үзэсгэлэн худалдаанд зочилсноор яг ямар үр дүнд хүрэхийг хүлээж байна вэ? Энэхүү асуултын хариултыг та үзэсгэлэнд зочлох шийдвэр гаргахаасаа өмнө өөртөө маш тодорхой хариулсан байх шаардлагатай. Үзэсгэлэнгээс та бизнесийн шинэ  түнш олохыг хүсэж байна уу? Шинэ бизнесийн санаа эрж хайж байна уу? Интернетээс олж харсан техник, технологийг үйлдвэрлэгчидтэй нь уулзаж, газар дээр нь үзэж харах уу? Таны эрхэлж буй бизнесийн салбарын олон улсын чиг хандлагатай танилцах уу?... Та зорилгоо хэдий чинээ тодорхой болгож чадна, таны үзэсгэлэнгээс хүртэх эцсийн үр дүн төдий чинээ өндөр байх болно.   

3. Аялал зохион байгуулах

Та нэгэнт үзэсгэлэнд зочлох шийдвэрээ гаргаад, үзэсгэлэнгийн сонголтоо хийсэн бол дараагийн алхам аялалаа зохион байгуулах. Онгоцны болон тухайн улс, хот хоорондын унааны тийз авах, зочид буудал захиалах (үзэсгэлэн хэдийгээр том хотуудад зохиогдох ч боломжийн үнэтэй, байршил сайтай зочид буудлууд аль эрт захиалгаар дүүрчихдэг болохыг санаарай!), виз хүсэх өргөдөл гаргах, шаардлагатай тохиолдолд очих газраа орчуулагч, хөтөч  олох зэрэг аялалын зохион байгуулалттай холбоотой асуудлуудыг хэдий эрт төлөвлөж, шийдвэрлэнэ, төдий чинээ танд цаг хугацааны болоод зардал, мөнгөний хувьд ч бас хэмнэлттэй байх болно (онгоц, унаа, зочид буудал бүгд л та хэдий эрт захиалж, худалдаж авна, төдий чинээ хямдхан байдаг). Аялалын зохион байгуулалттай холбогдох эдгээр асуудлуудыг та туршлагатай аялал жуулчлалын компанид даатгасанаар бүх үйлчилгээг нэг цэгээс авах бүрэн боломжтой.   

4. Мэдээлэл авах, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах

Олон улсын үзэсгэлэн худалдаанд зочлох нь таны бизнесийн хөгжилд үнэхээр чухал ач холбогдолтой, ухаалаг шийдвэр, үр дүнтэй хөрөнгө оруулалт гэдэгт та эргэлзэх хэрэггүй. Харин үзэсгэлэнгийн үр дүн хэр өндөр байх, таны хүссэн хүлээлт хэр биелэлээ олох нь таны тухайн үзэсгэлэнд хэр амжилттай бэлтгэснээс шууд хамаарна. Үүнд хамгийн чухал нь та зочлох гэж буй үзэсгэлэнгийнхээ тухай өөрийн тавьсан зорилготойгоо холбогдох шаардлагатай бүх мэдээллийг олж авч, танилцахад оршино. Ямар үзэсгэлэнд оролцох вэ? Сонголтоо хэрхэн хийх вэ? Аялалаа хэрхэн зохион байгуулах вэ? Үзэсгэлэнгийн тухай үнэн бодит, хангалттай мэдээллийг хаанаас олж авах вэ? Шаардлагатай мэдлэг, чадварын талаар хэнээс зөвлөгөө авах вэ? гэх мэт асуултуудад мэргэжлийн зөвлөх компани, бизнесийг дэмжих холбоо, байгууллагууд мөн аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллах нь илүү үр дүнтэй байдаг.

5. Уулзалтын цаг авах

Хэрэв та үзэсгэлэнгийн үеэр тодорхой сонгон авсан компаниудтай уулзаж, ярилцахыг хүсвэл тэдэнтэй урьдчилан холбогдож, уулзалтын цаг авах хэрэгтэй. Олон улсын томоохон үзэсгэлэнд зочлогчдын тоо өдөрт хэдэн зуун мянга, саяд хүрдэг тул оролцогч компаниудтай урьдчилан тохироогүй бол тэдэнд зөвхөн танд зарцуулах цаг хомс байх магадлал ихтэй. Ийнхүү уулзалтын цаг авах нь тухайн компаний хувьд бас таны сонирхсон асуултанд зориуд бэлтгэх боломж олгодог тул та богино хугацаанд, маш тодорхой хариулт авах ач холбогдолтой. Уулзалтын цагийг авахаар хэдий эрт та тухайн компанитай холбогдоно, төдий чинээ таны хүссэн, тохиромжтой цаг товлох боломжтой. Олон улсын үзэсгэлэн ихэвчлэн 3 хоног л зохион байгуулагддаг бөгөөд зарим компаниудын хувьд уулзалтын цаг авахад тийм ч амар биш байдгийг санаарай!    

6. Нэрийн хуудсаа бэлтгэх

Үзэсгэлэнгийн үеэр та олон хүмүүстэй танилцах нь гарцаагүй тул нэрийн хуудсаа хангалттай хэмжээгээр авч яваарай. Нэрийн хуудас тань таныг болон танай компаний тухай анхны сэтгэгдэлийг төрүүлэхэд багагүй үүрэгтэй хэмээн үздэг. Тиймээс нэрийн хуудасны цаас, дезайн, хэвлэлийн чанарт бага гэлтгүй анхаарал хандуулах хэрэгтэй бөгөөд нэрийн хуудас мэдээж англи хэл дээр (эсвэл монгол, англи 2 талтай) байх нь зүйтэйг энд дурдах нь илүүц болов уу.

7. Тэмдэглэл хөтлөх

 Үзэсгэлэнгийн үеэр та бизнесийн олон шинэ боломжит түншүүдтэй танилцаж, мөн бизнесийн шинэ, шинэ санаануудтай таарах нь дамжиггүй. Тиймээс аль улсын ямар компанитай танилцсан, ярилцсан, ямар бүтээгдэхүүнийг туршиж үзсэн, ямар бүтээгдэхүүн танд таалагдсан, хэн ямар санал тавьсан, ямар санаа авсан зэргийг бүгдийг нь дор бүрд нь тэмдэглэн авах нь үзэсгэлэнгийн дараа эргээд харахад чухал баримт болдог. Мэдээллийн асар их давалгаанд өнгөрүүлсэн 3 хоногийн дараа үзэсгэлэнгийн үр дүнг системтэйгээр үнэлж дүгнэхэд таны энэхүү тэмдэглэл ихээхэн тус болно. 

  8. Харилцааны соёл дээр анхаарах

Олон улсын үзэсгэлэнгийн үеэр та янз бүрийн орнуудын бизнесийнхэнтэй уулзаж учрах болно. Бизнесийнхэн, тэр тусмаа нэг салбарын бизнесийнхэн бие биенээ ойлгох нь хялбар хэмээн хэлэх нэгэн байх. Гэвч үнэндээ энэхүү “бизнесийнхэн” гэдгийн ард  хүн л байдаг. Энэ хүн нь өөрийн улс орны соёл заншил, харилцааны хэв загвар, сэтгэлгээний онцлогийг өөртөө тээж явах нь гарцаагүй. Зарим орны хүмүүст бидний “бие халаалт” хэмээн нэрлэх small talk жинхэнэ бизнесийн яриа цаашид хэрхэн өрнөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг бол, зарим орны хүмүүс үүнийг цагын гарз хэмээн үзэж, цаг алдалгүй шуудхан л ярих юмаа л яръя гэх. Хэн нэгэнд таны хэдий чинээ бөхийн мэндлэх нь төдий чинээ хүндэтгэлийн илэрхийлэл болдог бол, нөгөө нэгэнд энэ нь өөртөө итгэлгүй, эсвэл зальжин нэгний дүрийг санагдуулаад явчих жишээтэй.  Уулзалтын тохирсон цагаасаа 10 минут хоцроод ирэх нь магадгүй танд “сүржигнэх” юмгүй байдаг л асуудал бол, харин нөгөө тохирсон хүнд тань байж боломгүй “сүрхий” асуудал болж хувиран, тантай уулзахыг ч хүсэхгүй байж болно. Тиймээс та үзэсгэлэнд явахын өмнө олон улсын бизнесийн соёл хоорондын харилцааны тухай бага гэлтгүй мэдээлэл авч, мэдлэгээ дээшлүүлбэл зохистой. Хэн нэгэнтэй танилцахад түүний хамгийн анх үлдээсэн сэтгэгдэл нэлээн чухал, магадгүй тэр хүний тухай үнэлэлт дүгнэлт өгөх гол тулгуур багана болж үлддэгийг бид мэднэ. Тэр тусмаа өдөр бүр, ойр ойрхон биечлэн уулзалдаад байхгүй, алсаас харилцах бизнесийн харилцаанд нүүр тулан уулзаж, танилцах тэр мөчид тухайн харилцагч хүнийхээ соёл, сэтгэлгээний онцлогийг харгалзан харилцаж чадвал таны зөвхөн нэг удаагийн уулзалтын амжилтанд төдийгүй,  цаашид магадгүй нэлээд урт үргэлжлэх бизнесийн бүхий л харилцаанд  тань эерэгээр нөлөөлнө.  

9. Орчуулагч, хөтчөө товлох

 Өнөөдөр олон улсын бизнесийн харилцаанд англи хэл түгээмэл хэрэглэгдэж буй. Тиймээс англи хэл сайн эзэмшсэн хэн нэгний хувьд бол хаана, ямар ч олон улсын чанартай үзэсгэлэнд очсон тэвдэх сандрах зүйлгүй болов уу. Хэрэв таны англи хэлний мэдлэг төдийлөн хангалттай сайн биш бол та үзэсгэлэнгийн үеэр англи эсвэл тухайн үзэсгэлэнгийн гол хэлний орчуулагч, хөтчийг хөлсөн авч хамтран ажиллах нь үр дүнтэй. Орчуулагч нар бас өөр өөрийн түвшинтэй. Ямар түвшний, ямар шаардлага хангасан орчуулагч авах нь таны зорилгоос ихээхэн хамаарна. Зарим үзэсгэлэнгийн зочдод тухайн оронд сурч буй оюутнууд боломжийн орчуулагч, хөтчийн үүргийг гүйцэтгэдэг бол, зарим тохиолдолд танд зөвхөн тухайн хэлний мэдлэгтэй хүн шаардлага хангахгүй, хэлний хажуугаар бас инженер, эдийн засаг, хуулийн гэх мэт тодорхой мэргэжлийн мэдлэгтэй орчуулагч хэрэгтэй байх жишээтэй. Энэ дашрамд дурдахад үзэсгэлэнгийн үеэр та бичгээр гэрээ хэлэлцээр хийх гэж бүү яараарай. Орчуулагчтай холбоотой өөр бас нэг чухал зүйл бол бизнесийн, ялангуяа анхны танилцах уулзалт, ярилцлагад орчуулагч хэлний мэдлэг, чадвараас гадна тухайн харилцагч хоёр талын хэн хэнийх нь соёл, зан заншил, сэтгэлгээний онцлогийг хэр сайн мэддэг байх нь  уулзалт амжилттай болоход багагүй чухал үүрэг гүйцэтгэдэг. 

10. Үзэсгэлэнгийн дараах буцах холбоог зохион байгуулах

 Үзэсгэлэнгийн дараа та өөрийн аялалын үр дүнг тодорхойлж, үүн дээрээ тулгуурлан дараа дараагийн ажлаа төлөвлөх нь мэдээж. Ингэхдээ харин үзэсгэлэнгийн үеэр хэлхээ холбоо тогтоосон бизнесийн боломжит шинэ түншүүдтэйгээ аль болох хурдан (үзэсгэлэнгийн дараах 14 хоногоос хэтрүүлэлгүйгээр)бичгээр харилцан, үзэсгэлэнгийн уулзалтын үеэр харилцан ярьж, тохирсон зүйлүүдээ ахин бичгээр илэрхийлж баталгаажуулж авах нь чухал. Үзэсгэлэнд оролцсон цаад компанийн хувьд мэдээж танаас гадна өөр олон компаниуд уулзаж ярилцсан нь лавтай. Тиймээс хэн хурдан харьцаж эхлэнэ, түүний хамтын ажиллагааны сонирхол хүчтэй байна гэсэн сэтгэгдэл төрүүлнэ. Тээр өнгөрсөн хойно “мартсанаас мал мэнд үү” гээд бичих нь таныг төдий л найдвартай биш түншийн жагсаалтанд оруулах аюултай. 

Танд амжилт хүсье!

Дараагийн нийтлэл : Олон улсын үзэсгэлэн худалдаанд зочлох нь ямар ач холбогдолтой вэ?