Б.Батцэнгэл: Математикийн талаар мэддэг бүхнээ хүүхдүүдэд заамаар байна

 

-Сая Филиппинд, зун Энэтхэгт болсон олон улсын олимпиадад оролцсон манай бага ангийнхан бүгд шагнал хүртсэн. Хэр олон улс энэ олимпиадад оролцдог вэ. Яаж хүүхдүүдээ шалгаруулж авдаг, ямар системээр бэлддэг вэ?

-Математикийн олимпиадын бага ангийн төрөлд тив тивийн олон улсын хүүхдүүд оролцдог. Манай улсын хувьд 2009 оноос бага ангийн олимпиадад оролцож эхэлсэн.Сонгон шалгаруулалт 2011 оноос одоогийн системд шилжсэн. Жил бүрийн дөрөвдүгээр сард “Классик” олимпиадаар эхний сорилоо явуулж, 300-гаад хүүхдээс 100 гаруйг нь шигшиж үлдээдэг. Хоёр дахь сорилоос 20 орчим, гурав дахь сорилоос 8 хүүхэд сонгож авдаг. Энэ найман хүүхдийг нэг сарын дотор багийн болон хувийн бэлтгэл хийлгээд олон улсын олимпиадад оролцдог.

-Олон улсын олимпиадаас нийт хэдэн монгол хүүхэд шагнал авсан бэ?

-Анхны жилээ бага ангийн олимпиадад олон улсын стандартаар 15 бодлого бодно гэж ойлгоогүй очсон учраас юу ч аваагүй. Дараа жил нь Солонгост болоход шагнал хүртсэн. Одоо медаль авдаггүй хүүхэд нь цөөхөн болсон. Сая Филиппиний олимпиадаас  гэхэд 8 хүүхдээс хувийн төрөлд 4 нь, хоёр баг хоёулаа медаль авсан.

            -Математикийн авьяас гэж юу байдгийг ойлгодоггүй гэж та ярьдаг гэсэн...

-Авьяас гэж яриад байгаа юмыг би ойлгодоггүй. Зөв сэтгэлгээ, логик дараалал, хаанаас эхлэх вэ гэдгийг мэдрэх мэдрэмжийг авьяас гэдэг байж болох юм. Бодлогыг буруу аргаар эхэлдэг атлаа зөв рүүгээ шилжээд бодчихдог хүүхэд байдаг. Шууд зөв аргаа олдог нь ч бий. Өөрөөр хэлбэл бодлогыг мэдэрдэг мэдрэмж хүүхэд болгонд өөр байдаг. Зохиолчдын онгод гэдгийг хүн яг шууд тодорхойлж чадахгүй, түүнтэй л адилхан байх. Зөв сэтгэлгээ гэж хамгийн бага энерги гаргаад хамгийн богино хугацаанд бодохыг хэлнэ гэж хувьдаа ойлгодог.    

-Олон жилийн өмнө тэр үедээ л тоогоор манайдаа нэгт байсан хэдэн хүүхдэд багш нь бодлого өгөөд хоёрдугаар ангийн хүүхэд 3 минутад бодсон гэж хэлээд шалгасан. Нэг нь амжиж хариулж бусдаа аварсан гэдэг. Тэр жаахан хүүхэд нь таныг байсан гэж сонссон юм. Энэ авьяас мөн үү?  

-Яг энэ бодлого мөн эсэхийг мэдэхгүй, намайг 12-р сургуульд хоёрдугаар ангид байхад шалгалт авсаан. Хөлбөмбөг тоглоод гүйж явтал захирал дуудсан, хэдэн хүн ирчихсэн “шалгалт авна” гэсэн. Энгийн бодлого хэдийг бодуулсан, тэр ч яахав. Сэтгэлд хамгийн тод үлдсэн нэг л юм байдаг. “Өгсөн цэгээс ижил зайтай  цэгүүд ямар дүрс зурах вэ” гэж хамгийн сүүлд асуусан. Би бөмбөг гэж хариулсан, тэр хүмүүс жуумалзаад л явчихсан.Сүүлд сонсоход тэд хавтгай дээр зураад дугуй гэж хариу авах гэсэн юм билээ. Тэр үед би дугуй, тойрог гэдгийг заалгаагүй, мэддэг ч үгүй байлаа. Надад бодогдсон, хамгийн ойрхон зүйл нь бөмбөг л байсан. Тэгж өөрийгөө аварсан уу, эсвэл авьяастай байсан уу бүү мэд. Энэ хариултаас болоод тэр хүмүүс их авьяастай юм гэж дүгнэлт хийсэн тухай сүүлд сонссон. Гэхдээ тэд  авьяас шалгах гэж ирээгүй байх. Хоёрдугаар ангидаа хичээлийн хажуугаар багштайгаа гурвын хичээлээ үзсэн учраас анги алгасуулахын тулд захирал маань хүсэлт гаргаж ирүүлсэн юм билээ. 

-Та хэд хэддүгээр ангийг алгассан бэ. Ухаан орохдоо л уншаад сурсан гээд домог шиг юм яригддаг. Ингэж гайхалтай суралцахад ээж, аавын нөлөө байсан л байх... 

-1, 3, 5 дугаар ангийг алгассан. Миний аав Баасанжав Говь-Алтайнх, геологич хүн, ээж Байгалмаа Булганых, бага ангийн багш. Аав, ээжийн нөлөө байлгүй яахав. Ээж 21 дүгээр сургуульд багшилдаг, хааяа намайг авч явна. Ангийн хамгийн арын ширээнд суулгаад юм зурж бич гээд үзэг цаас өгнө. Ээжийн зааж байгаа сонин санагдаад харж суусаар хичээл хийгээд сурчихсан. Уншихыг цэцэрлэгт байхдаа сурсан гэдэг, би таван наснаас өмнөх зүйлээ санадаггүй юм. Тоо бодож сурахад гол нөлөөлсөн хүн бол аав. Намайг тавтай байхад аав 96 хуудастай зузаан дэвтэр авч өгөөд “За ингээд бодлого бодоорой” гээд  ном өгсөн нь хоёрдугаар ангийн тооны хичээлийн сургалтын материал байж таарсан. Тэгээд л бодож сурсан даа. Уншдаг, боддог тухай яриа Булганаас эхтэй юм. Хоёр ах хотод ирээд би зөрөөд өвөө дээрээ очсон. Хажуу айлын хүүхдүүдтэй тоглох гэтэл даалгавраа хийж байна гээд суугаад байхаар нь хурдан тоглохын тулд тоог нь бодож өгөөд “ном уншдаг нударгатай залуу” нэртэй болсон.

-14 настай улсын олимпиадад түрүүлэхдээ хэддүгээр ангид байсан юм бэ. Танд ер нь тааруу сурдаг хичээл байсан уу?

-Тааруу хичээл байлгүй яахав. 3, 5 дугаар ангийг алгасахдаа математик, монгол хэлний улсын шалгалт өгсөн, заавал онц авч дэвшдэг учир гайгүй байхаас аргагүй. Гэтэл тавдугаар ангид орос хэлний тийн ялгал заадаг, тэрийг үзээгүй учраас зургадугаар ангиас эхлээд л орос хэлний хичээл там болсон. Улсын математикийн олимпиад тэр үед зөвхөн төгсөх ангийнхны дунд болдог, түрүүлэх үед аравдугаар ангид байсан. 

-МУИС-д оюутан байхдаа дээд ангийнхандаа хичээл заасан гэдэг...?

-МУИС-ийн програмд тооны онол гэж хичээл байдаг, мэргэжлийн багш байгаагүй учраас намайг    мэргэшүүлэхээр шийдсэн. Дашдорж багшийн санаа л даа. Гуравдугаар курсээс нарийн мэргэжил салахад алгебрийн группд орж тооны онолыг тусгайлан судалж, дөрвөөсөө ангийнхандаа болон дээд курсынхэнд зааж эхэлсэн.

-Та тооны онолыг хэдэн жил заасан бэ. МУИС-аас яагаад ажлаа хаяж гарсан юм бэ.  Оюутнууд таны хичээлд их дуртай байсан гэдэг, тэднийг бодож болоогүй гэж үү?

-Би МУИС-д 1990-2008 онд багшилсан, дунд нь 1993-1999 онд Японд доктор хамгаалсан. Тооны онолын хичээлийг програмаас хассанаас болж би гарсан юм. Тооны онол гэдэг бол математик дотроо хамгийн эртний салбар, хэдэн мянган жилийн турш бүх математикч оролдсон, бүгд дуртай байсан, миний бодлоор математик дотор байгаа хамгийн үнэ цэнэтэй зүйл юм. Их сургуульд байхад оюутнууд өөрсдөө хичээлээ сонгодог болоход нэг хэсэг бүх оюутан над дээр шавсан нь үнэн. Тооны онолын гоо сайхныг мэдрүүлсэн учраас тэгсэн болов уу гэж хардаг. Тооны онолыг огт мэддэггүй хүмүүс хэрэггүй салбар гээд байдгийг би ойлгодоггүй. Математикийг ойлгож мэддэг нь биш энд тэнд явж байгаад математикч нэр зүүсэн нь тэр үед ноёлж эхэлсэн. Тэд тооны онолын хичээлийг хасахаар нь би ер нь хэрэггүй болж байгаа юм гэж бодно биз дээ, тэгээд л гарсан хэрэг.

-Таныг их сургууль олон удаа урьсан гэж сонссон. Таны хэмжээний хүн их сургуульд байх нь илүү зохимжтой биш үү? 

-Санал тавьж л байдаг юм, гэхдээ би очихгүй ээ. Хаа ч ялгаагүй би математикт дуртай хүүхдүүдтэй л ажиллаж байгаа.

-Та оюутан цагаасаа эхлээд 30 шахам жил багшилжээ. Өөр ажил хийх боломж байсан л байх. Багшийн ажлын юу нь сайхан бэ?

-Хүрээлэнд эсвэл төсөл дээр ч юм уу ажиллаж болно л доо. Гэхдээ математикийн гоо сайхныг, бүх гоё юмыг нь би мэдээд байна. Тэр мэдлэгээ гадагш гаргахгүй, өөртөө л хадгалаад дуусах сонирхол алга. Математикийн суутнуудын маш хүнд асуудлыг их гоё өвөрмөц шийдсэн сонгодог теоремуудыг судалж мэдсэнээ зөвхөн өөртөө хураах гэж үү. Би тэрийг хүүхдүүдэд зааж, гоёыг нь мэдрүүлмээр байна. Тэр хүмүүсийн логик сэтгэлгээний зөв дарааллыг таниулмаар байна. Тийм учраас би багшид дуртай. Хамгийн гол нь би хүүхдүүдэд сэтгэлгээний уран сайхан, гоо сайхныг зааж, зөв сэтгэхэд сургамаар байна. Ер нь хүнийг зөв сэтгэдэг болгож сургаж болох уу гэдгийг би дотроо их боддог. Уг нь болмоор юм шиг ч бодит амьдрал дээр хэзээ ч чадахгүй байх л даа.

            -Олон улсын олимпиадын үеэр гадны эрдэмтэд таны үгийг их сонсдог гэж хамт явсан багш нар ярьдаг. Энэ юунаас үүдэлтэй вэ? 

-Бага ангийн олимпиадын бодлогыг эх хэл рүүгээ орчуулах ажлыг би хийдэг, өгүүлбэрийг хөрвүүлэхэд тийм ч амар биш байдаг. Энэ явцад  бодлогын өгүүлбэрийн алдааг олж комиссынхонд хэлсэн 2-3 тохиолдол байгаа учраас сайн ханддаг байх. Мөн Гонконгт болдог олимпиадын бодлогыг комиссоос гадна 2 математикч бодож хариуг нь гаргадгийн нэг нь би юм. Алдаа гарч болно гэдэг үүднээс гурван талаас бодож тулгадаг учиртай.

-Олон улсын олимпиадад таны бодлогыг их сонгож авдаг гэсэн...

-Би бодлогоо олон улсын бага, дунд, ахлах ангийн бүх олимпиадад явуулдаг. Монголын баг бодлого явуулдаг нь үйл ажиллагааг нь дэмжиж оролцож байгаа нэг хэлбэр. Олон улсын олимпиадад 15 өөр орны бодлого ч тавигдаж болно, чанар чансаа нь л мэдэх хэрэг. Сая Филиппиний олимпиадад би 6 бодлого явуулсны 5 нь сонгогдсон байсан. Баг дээр 1, хувийн төрөлд 4 нь ирсэн. Багийн бодлогыг манай нэг хүүхэд гүйцэд биш бодоод арай бага оноо авсан, нөгөө баг нь хийгээгүй. Хувийн төрлийн 4 бодлого дээр хүүхдүүд маань бүгд унасан. Яагаад ч юм манай хүүхдүүд миний бодлого дээр дандаа унадаг, тиймээс цөөхөн ирээсэй л гэж хүсдэг.

-Уучлаарай, та өөрөө хүүхдүүдээ бэлдэж байж яагаад тэр явуулсан бодлогынхоо чиглэл рүү юм заадаггүй юм бэ?

-Бусад улсын ирүүлдэг бодлогыг багцаалж бэлтгэлээ хийдэг. Өөрийнхөө явуулсныг тас нуудаг. Би бэлдэж байгаа хүүхдүүдийнхээ сул талыг мэддэг, тиймээс ч чадахгүй бодлогыг нь тавьдаг. Танд сонин санагдаж байх шиг байна. Би хүүхдүүддээ шинэ бодлого өгөхийг хүсдэг. Зааж байсан юмаараа бодлого тавивал жинхэнэ жигшүүрт явдал биз дээ. Тэгээд ч энэ чинь хүүхдийнхээ хувьд утгагүй ш дээ. Хүүхдүүд тэнд өөрийгөө сорих, шинэ бодлоготой танилцах гэж очиж байгаа, огт мэдэхгүй юмаа хийж чадаж  байгаа эсэхийг л шалгах ёстой. Тэрнээс чаддаг юмаа олон улсын олимпиадад очиж бодох юм бол энгийн шалгалтаас ямар ялгаатай юм бэ.

-Олон улсын олимпиадад орчуулга хийж байгаа багш нь бодлого задалсан тохиолдол гарч байсан гэж ярьдаг...

-Би ийм юмны эсрэг тууштай зогсдог. Тэгээд ч олон улсын олимпиадад бодлого задалсан тохиолдолд тухайн улсын эрхийг 10 жил хүртэл хугацаагаар хасдаг. Хойд Солонгосын баг дээхнэ үед орчуулгын явцад бодлого задлаад эрхээ хасуулаад саяхнаас тэр нь сэргэсэн. Ер нь олон улсын математикчид аль улс нь ямархуу чансаатай вэ гэдгийг гадарлана ш дээ. 

-Манай хүүхдүүд IQ өндөртэй гэж яригддаг, тэр үнэн үү?

-Үнэн, оюун ухааны хувьд дутах юм ерөөсөө байхгүй. Хөдөлмөрч зан л дутуу байна. Хоёрдугаарт энэ компьютер тоглоом, facebook зэрэгт зарцуулж байгаа цагаа хасчихвал амжилт гаргах бүрэн боломжтой.

-Та яг одоо юу хийж байна вэ?

-Би “Соёмбо” бага сургууль, “Орчлон-2” сургуулийн зөвлөх багшаар ажилладаг. Яг одоо бол энэ ажлынхаа хажуугаар ахлах ангийн хүүхдэд зориулсан тооны онолын ном бичиж байгаа.

-Тооны онолын ном манайд ер нь байдаг уу. Та хэр олон номтой вэ?

-Тооны онолын ном их сургуулийн төвшинд ч байдаггүй. Гэхдээ одоо бичиж байгаа ном бол олимпиадад зориулсан гарын авлага юм. Ер нь олимпиадад зориулсан 7-8 ном бичсэн. 

-Таныг хөлбөмбөгт их дуртай гэсэн. Сайн тоглодог байсан уу?

-Таван шарын хөлбөмбөгийн талбайгаас салдаггүй л хүүхэд байсан даа. МУИС-ийн шигшээд тоглодог байсан, хоёрдугаар зэрэгтэй.  

-Манай төр засгаас математикийн олимпиадад явж байгаа хүүхдүүдээ  дэмждэггүй юм шиг санагддаг. Бусад улс энэ тал дээр ямар байдаг вэ?

-Төрөөс улсын олимпиадад багахан мөнгө өгдөг байх.  Олон улсын ахлах ангийн олимпиадад явж байгаа хүүхдийн зардлыг олж өгье гэж жаахан хөөцөлддөг  байх. Гэхдээ нөгөө мөнгө нь хичнээн ч шат дамжиж гардаг юм, хүүхдүүд өр тавьж явчихаад сүүлд нь зардлаа олж авдаг юм шиг байна лээ. Бага, дунд ангийн олимпиадад явж байгаа хүүхдүүдийн тухайд төрөөс харж үзнэ гэж байхгүй.  Бусад оронд төр засгийнхаа төвшинд дээд зэргээр анхаардаг. Сая Филиппинд болсон олимпиадад хүртэл зарим улсын Боловсролын яамнаас оролцсон. Манайх шиг эцэг эх нь зардлыг нь даадаг улс өөр байхгүй байх.  

-Та бүхэн ойлгуулах талдаа дутмаг ажиллаад байна уу?  

-Боловсролын яаманд би удаа дараа захиа бичсэн. Олон улсын олимпиад зохион байгуулах комиссынхон нь “vip” зочныхоо нэрийг өгөөч гэдэг. Зочноор яамнаасаа хүн томилж явуулаач гэж олон удаа хэлсэн. Зөвхөн замын зардлаа гаргаад очиход л зочныг комиссынхон дээд зэргээр хүлээж авдаг.  Энэ олон орон бүгдээрээ хүлээн зөвшөөрөөд дэмжээд Боловсролын яамных нь төлөөлөгч ирдэг, манайх л байхгүй.

-Эцэг эхчүүд хүүхдэдээ тоо заалгая гэхээр та дургүйцдэг гэнэ. Яагаад тэр вэ?

-Дургүйцдэг нь үнээн. Хүүхдийг маань математикч болгоод өгөөч гэвэл болж байна. Харин хүүхдээ тоонд сайн байвал цаашдаа эдийн засгаар сурахад хэрэгтэй гэх мэтээр харж ирвэл хэрэггүй. Хүүхэд нь надаар 2 жил заалгахаар би математикч болгочихно. Тэр хүүхэд математикт үнэн сэтгэлээсээ дуртай болчихно. Эцэг эхийн сонирхол өөр байгаа ш дээ, тэгэхээр би тэр хүүхдийн ирээдүйг баллавал яах юм. 

-Та яаж хүүхдийг тэгтэл нь математикт дурлуулж чаддаг юм бэ?

-Би хамгийн гоё бодлогыг бодуулдаг. Хүүхэд математикийн гоо сайхныг нь нэг мэдэрвэл салахаа байчихдаг.

-Ярилцлага өгсөнд танд баярлалаа.